Хэнд нь итгэх вэ?

2019-03-28 16:12 210

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар өнөөдөр нэг асуудлаар өөр, өөр цагт мэдээлэл хийлээ. Тэд нэг зүйлийн талаар ярьсан боловч дурдсан баримтууд нь хоорондоо зөрчилдөж байна. Ж.Бямбадорж “Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах албыг татан буулгаснаар эрүүдэн шүүх явдал газар авсан” гэсэн бол З.Энхболд “Энэ байгууллага сайн ажиллаж байгаагүй” гэсэн юм. Тэдний хэнд нь итгэх вэ?

Ж.Бямбадорж: -2014 оны нэгдүгээр сарын 24-нд УИХ-ын есөн гишүүн яаралтай горимоор хэлэлцүүлж Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах албыг татан буулгасан. Энэ үеэс эхлээд Монголд эрүүдэн шүүх асуудал газар авч эхэлсэн. Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах алба үнэхээр шударга ажиллаж байсан. Эрүү шүүлтийн асуудал багассан байсан. Улсын ерөнхий прокурорын дэргэд байсан мөрдөн байцаах алба 2002-2014 оны хооронд гэмт хэргийн талаарх 6109 гомдол мэдээллийг хүлээн авч шалгаснаас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан санал гаргаж прокурорт шилжүүлсэн 3344, харьяаллын дагуу шилжүүлсэн 1256, эрүүгийн хэрэг үүсгэсэн 2009 гомдол байна. Ингэж ажиллаж байсан юм. Харин одоо хууль хяналтын байгууллагынхан өөрсдийнхөө үйлдлийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, нотлогдсонгүй” гээд орхидог болсон. Ийм байтал “Хүний эрхийн үндэсний комисс юм хийж байсан юм бэ” гэж ярих боллоо. УИХ-ын гишүүн хүртэл тэгж хэлж байна лээ. Тэр гишүүн өөрөө Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгах санал гаргасан есөн гишүүний нэг шүү.

З.Энхболд: -2014 онд манай УИХ-ын үед тус албыг АТГ-тай нэгтгэсэн юм. Энэ байгууллагыг бичлэг нь гараад байгаа Ё.Сагсай гэдэг нөхөр 10 жил удирдсан. Энэ хугацаандаа нэг билүү хоёр цагдааг л шийтгэсэн байдаг юм. Тэр хүн ажлаа хэвийн явуулах боломжтой байсан уу. Бичлэг хийсэн хүнийхээ дарамтад 10 жил ажилласан байна шүү дээ. Энэ байгууллагыг ажиллуулахыг хүсэхгүй бол хаана байсан ч ажиллуулахгүй. Хуулийн байгууллагынхан чинь бие биеэ тойрч өмгөөлөөд байна шүү дээ. Энэ сүлжээг таслахын тулд ҮАБЗ хүссэн хүсээгүй оролцохоос өөр аргагүй болж байна. Улсын ерөнхий прокурорын дэргэдээс яагаад АТГ руу шилжүүлсэн юм бэ гэхээр Үндсэн хуулийн дагуу прокурор мөрдөн байцаалт явуулах эрхгүй. Мөрдөн байцаалтад хяналт тавина гээд Үндсэн хуульд заачихсан байхад нэг байгууллага бий болгочихоод хууль зөрчөөд байсныг нь залруулсан юм. Тэр байгууллага мөрдлөг хийх эрхтэй газраа л байна гэсэн үг. АТГ, эсвэл ЦЕГ-ын дэргэд байх ёстой. Лав л прокурорын дэргэд байж болохгүй. Тэр байгууллага их мундаг ажиллаж байсан гээд байх юм. Та нар архив шүүгээд үзээрэй. Ё.Сагсай гэж хүнд барьцаалагдсан хүний толгойлсон байгууллага юу хийх юм бэ. Нэг муу эргүүлийн цагдаа самар хурааж авчихаад 500 мянган төгрөгийн хахууль авсан хэргийг л шийдсэн байдаг юм ш дээ. Гэтэл энэ хуулийн байгууллагаар чинь юу л байна гэмт хэрэг л байгаа биз дээ. Бүгдээрээ л мэдэж байгаа ш дээ.

Шинэ мэдээ