Нара: Донсолгоотой, уйтгартай, хүлээлттэй цаг хугацааг би хүүгийнхээ төлөө хүсээгүй бүхнээ хийж туулсан

2019-03-25 10:56 1595

Мөнхтөрийн Нарантуяа. Тэр өнөөх л эрч хүчтэй, дайчин эмэгтэйн төрхөөрөө манай редакцид зочиллоо. Хөөрхөн хүүтэйгээ хамт. Өмнөх нь өдөр хүүгийнхээ аавынхаа ажил дээрээс хөөгдөж гараад, нийгмийн сүлжээгээр амьдралынхаа бодит үнэнийг дэлгэж байсан Нарагийн төрхийг өөрөөс нь олж харсангүй. Цайлган, ил шулуун үгтэй, зоримог энэ бүсгүйн үзэл бодол, зарчим, хандлагыг энэ ярилцлагаас бүтэн харах боломжтой.

-ТААГҮЙ ЗҮЙЛИЙН ДАРАА ХҮНД ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨХ ГЭСЭН ЭРЭЛХИЙЛЭЛ ҮҮСДЭГ-

-Хүссэн, хүсээгүй хэн бүхний анхаарлыг татаж байна, таны лайв. Яг одоо ямар бодолтой явна?

-Хүн болгон өөрийнхөө амьдрал, үзэл бодол, оюун ухаанаар хүлээж авч байна. Энэ ингэж хүлээж авлаа, над шиг ойлгосонгүй гэх нь хаашаа юм. Гэхдээ энд хүмүүс нэг зүйлийг орхигдуулаад байна. Тэд зөвхөн Нара, эсвэл Батцацралыг муулах эсвэл дэмжих тухай л шуугиснаас үйл явдал юунаас эхтэй вэ гэдэг жижигхэн шигтгээг харсангүй. Тодруулбал, миний хүүгийн дотоод ертөнц, юу хүсдэг, юу мөрөөддөг, юу зүүдэлдэг гэдгийг хүртэл ганцхан би л мэднэ. Намайг яагаад лайв хийх болсныг хэн бүр ойлгохгүй. Аргагүй ээ, хүн болгон ийм нөхцөл байдалд байж үзээгүй болохоор ойлгох албагүй. Үүнийг хэн ойлгох вэ гэхээр яг над шиг амьдрал туулсан, эсвэл багадаа миний хүү шиг амьдрал туулсан хүмүүс л ойлгоно. Огт мэдрээгүй мэдрэмжээ өөрийнхөө харж байгаагаар л дүгнэхэд амархан. Гэвч хүн тэр дунд нь юуг амсаж, туулж, тэвчиж яваад өнөөдөр ингээд тэсрэх болов гэдэг нь л учир шалтгаан юм.

-Ийм үйлдэл хийсэндээ харамсах ч юм уу тийм мэдрэмж төрөв үү?

-Мэдээж таагүй зүйлийн дараа хүнд өөрийгөө зөвтгөх гэсэн эрэлхийлэл үүсдэг. Өнгөрсөн шөнө бараг унтсангүй. Маш их зүйлийг бодлоо. Хүүгийнхээ ирээдүй, нэр төрд нь таагүй зүйл хийчихэв үү гэж өөрийгөө буруутгаж ч үзлээ. Өнөө хүнийг ч бас намайг ингэх хүртэл дорд үзэх ямар шалтгаан байсныг бодлоо. Эцэст нь монголын эмэгтэйчүүд, хагас өнчин хүүхдүүд, нийгмийнхээ тухай ч бодлоо. Өнөөдөр энэ асуудлыг Нара хөндсөн болохоос биш хүн бүрт өөрт нь биш юм аа гэхэд ойр дотны, танилын хүрээнд нь байдаг асуудал. Нара л ганцаараа тэсрээд хашгирчихлаа л даа. Би хүүтэйгээ бүх зүйл дээр маш сайн ойлголцдог. Тиймээс лайвын дараа ярилцаад, хүүгээ тайван байгаад баярласан.

-Нарагийн хүүхдийн эцгийн эрэлд нийгмийн сүлжээ идэвхтэй хандсаар ирсэн. Гэтэл ингэж илрэх байж?

-Би тэр хүнд үргэлж боломж олгож ирсэн байхгүй юу. Миний хүүхдийн эцгийг Намсрайноров, Гантулга гээд л хэн дуртайтайгаа холбож байсан. Би дуугүй л явсаар энд ирсэн. Өнөөдөр л гэхэд намайг шантаажчин хүүхэн, 250 сая төгрөг нэхээд өгөхгүй болохоор ингэлээ л гэнэ. Хүүхдээ золиосонд гаргаж мөнгөний төлөө шантааж хийж буй бол таван жил хүлээх хэрэг надад байсан юм уу. Сонгуулийн өрөвдүүлэх тактик, одоо тэгнэ, ингэнэ гээд бүр мөрийцэж байна. Хэрвээ би тийм байсан бол 2016 оны сонгуулиар хийж болох л байж, тээ. Улс төрчид дандаа сенсаци дэгдээх, бие биеэ захиалгат контентоор намнаж дэвсэлж гарч ирдэг. Олны анхаарлын төвд очих гэж байж боломгүй, санаанд багтамгүй зүйлсийг хийдэг нь хүмүүсийг ийм хандлагатай болгочихож. Би хүүгийнхээ аавд үе үе талархдаг, үе үе маш их үзэн яддаг. Энэ мэдрэмж надад жирэмсэн байхаас эхэлсэн. Энэ жилийн хүүгийн төрсөн өдрөөр надад маш олон зүйл зэрэг тохиолдсон. Бизнесийн таагүй байдал, санхүүгийн дарамт, ажил төрөл бүтэлгүйтэх гээд үнэн стресстэй өдрүүд урсаж байлаа.

Тэгээд тэр хүнд “Би чамаас цаашид жилд хоёр удаа хүүгийн чинь төлөө юм гуйгаад, бусад үед өөрөө болгох чадалгүй болж байна. Дахиад хүүгийнхээ төлөө эцгийнх нь өмнө гуйлгачин царайлж чадахгүй нь ээ. Зарим нэг эмэгтэйчүүд энэ хүний өмнө царай алдаж байснаас гээд шүд зуугаад амьдралын төлөө уйлаад, хүнд хэцүү өдрүүдийг ганцаараа туулаад явж байгаа байх. Би тийм байж чадахгүй байна. Хоёулаа хүүгийнхээ өмнө хүлээх, хоёр биенийхээ хариуцлагыг тодорхой болгох гэрээ хийе” гэж хэлсэн. Асуудал ингэж эхэлсэн юм. Би сүүлийн гурван жил цэцэрлэгийн төлбөр, төрсөн өдрийн баярын мөнгө авдаг байсан юм.

-ХАГАЦАЖ САЛАМГҮЙ БАЛ БУРАМ ШИГ ӨДРҮҮД Ч БАЙСАН, ТАСДААД ХАЯЧИХМААР ӨДРҮҮД Ч БАЙСАН-

-Таны саналыг яаж хүлээж авав?

-Юун гэрээ. Гэрээ энэ тэр хийхгүй. Чи ДНК тодруул, тэгээд шүүхээрээ яв гэсэн. Тухайн үед тэр хүн дүүгээ алдчихсан хэцүү үе байсныг ойлгож байгаа. Би бас хүн шүү дээ. Бусдыг өрөвдөж хайрлана. Хаа хамаагүй таньж мэдэхгүй хүн өрөвддөг байж хүүгийнхээ аавыг бодно. Надад очоод ажил явдалд нь оролцох ямар ч боломж байхгүй, хэн ч намайг хүлээж авахгүй. Тэгээд хэд хоногийн дараа яагаад очсон бэ гэхээр бас л миний нөгөө хүн боддог, уучилдаг зангийнх. Би амьдралд нь зовлон бэрхшээл гуниг гашуудал тохиолдох тусам хүүгээ үгүйлж байгаа болов уу гэж бодсон. Дээрээс нь цэргийн баяраар цэцэрлэгийн хичээлээрээ аавдаа зориулж хийсэн бэлгээ аавдаа өгнө гээд яриад байсан. Өмнө нь гэрээ хийе гэж бичсэн, энэ бүхэн давхцаад тийшээ очсон. Ер нь би Бунжаагийн хөөрхөн гоё моментуудыг үргэлж фээсбүүктээ оруулдаг. Үнэндээ тэр бүхнийг аавд нь зориулж тавьдаг. Хүү чинь ийм гоё болж байна, ийм сайхан хүү чинь ингэж өсөж торниж байна гэдгийг л харуулах гэж зорьдог. Олж хардаг л байх. Тэглээ гээд би ажил дээр нь нэг ч удаа очиж байгаагүй. Нөгөө талаас хүүгийн цэцэрлэгийн сэтгэлзүйч багш одоо эрэгтэй хүнтэй уулзуул, аавд нь хэл. Долоо хоногт ядаж 2-3 удаа уулзуул, үзэгдэж харагддаг болго гэх болсон. Би энэ талаар Батцацралд зөндөө хэлсэн. Багш нь ингэж байна, би энэ хүүхдэд ямар эрээ үзүүлж харуулах вэ гээд хэлээд л байсан. /уйлав/ Нэг их тоохгүй байж байгаад өнгөрсөн намар ирдэг байхгүй юу. Ингэж миний хүү хүний мэдээ орсноосоо хойш аавыгаа анх харсан.

мэдээ,мэдээллийн EGUUR.MN-ээс цааш үзэх

Шинэ мэдээ