Оюуны спортын бяцхан тамирчид үнэмлэхүй ялалт байгууллаа

2019-03-25 10:47 213

Энэ амралтын өдрүүд буюу гуравдугаар сарын 23, 24-нд Дэлхийн оюуны спортын холбоо (WISF) Цээж бодолтын олон улсын тэмцээнийг Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд долоон улсын 360 тамирчин таван насны (5-6 нас, 7-8 нас, 9-10 нас, 11-12 нас, 13-16 нас) ангилалд өрсөлдсөнөөс Монгол улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн харьяа Язгуур бага сургуулийн дөрвөн тамирчин гурван насны ангилалд нь түрүүлж цом, алтан медаль, нэг тамирчин мөнгөн медаль тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгууллаа.

Тодруулбал, хамгийн бага насны ангилалд З.Сийлэн тэмцээий аварга болж М.Гэгээн-Оюун удаах байрт орсон бол 9-10 насны ангилалд өрсөлдсөн Д.Хүслэн, 11-12 насны ангилалд Г.Лхагва-Очир нар цом, алтан медаль хүртжээ.

Тус тэмцээнд 360 тамирчнаа манлайлан “Absolute Champion” буюу “Үнэмлэхүй Аварга” болж шилдгийн шилдэг тамирчнаар 10 настай Д.Хүслэн шалгарлаа.

Тэмцээний даалгаврыг хамгийн богино хугацаанд хийж гүйцэтгэн үзэгчдийн талархлыг хүлээсэн тамирчнаар зургаан настай З.Сийлэн тодорлоо. Учир нь тэрээр 0.1 секундийн давтамжтай дэлгэцэнд анивчсан тоонуудын нэмэх үйлдлийг ганцаараа алдаагүй бодсон байна.

Ингээд Монголын тамирчид Америк, Англи, Герман, Энэтхэг, Хятад, Швед, Турк, Сингапур, Япон, Солонгос зэрэг олон арван улсад болсон оюуны спортын ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлагын төрлүүдээр 52 дахь тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 871 болгон тус салбартаа дэлхийд тэргүүлж байна.

Шинэ мэдээ