Google-ийн Gmail үйлчилгээ урд шөнөөс дэлхий даяар ажиллагаагүй болжээ

2019-03-13 13:33 123

Google компанийн цахим шуудангийн Gmail үйлчилгээ Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнөөс эхлэн ажиллахгүй болоод байна.

Үүнээс гадна Google Drive, Google Maps үйлчилгээнүүд нь мөн доголдоод байгаа юм. Google компани уг асуудлыг шалгаж байгаагаа мэдэгдсэн ч гэмтэл ямар шалтгаантай, хэр удаан үргэлжлэхийг дурдаагүй байна.

Gmail үйлчилгээ нь дэлхий даяар нэг тэрбум гаруй хэрэглэгчтэй юм.

Google Drive үйлчилгээний хэрэглэгчид файл татах, хуулах үед алдаа гарч байгааг мэдээлжээ. Харин Google Maps-ийн Street View үйлчилгээг ашиглах үед тухайн байрлалын фото зурагны оронд бүхэлдээ хар дэлгэц гарч байгаа гэнэ.

Gmail үйлчилгээний хэрэглэгчид цахим шуудан илгээх, хүлээж авах үед ямар нэг алдааны мэдэгдэл гарч байгааг гэрчилжээ.

Дээрх алдаанууд АНУ, Европ, Ази, Австрали, Өмнөд Америкийн хэрэглэгчдийг хамарсан байна.

Зарим хэрэглэгчид Gmail-ийн оронд хуучны Yahoo Mail, Hotmail хаягнуудаа дахин ашиглахаас өөр аргагүйд хүрснээ сошиал сүлжээнд хуваалцжээ.

Шинэ мэдээ