Автомашины зогсоолд зургаан настай хүү осгож нас барсан байжээ

2019-03-22 14:24 887

Өчигдөр буюу энэ сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн 13-р хороонд зургаан настай эрэгтэй хүүхэд осгож нас барсан байдалтай олджээ. Хэргийг тодруулбал, тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны гурван давхраас хүү унаж бэртсэн. Улмаар автозогсоолд байршуулсан байсан машины доор 2-3 цаг турш тусламж авалгүй хэвтсэн учраас осгож нас барсан байсан аж. Түргэн тусламжийн эмчийг очиход хүү дотуур хувцастайгаа машины дугуйн хажууд хэвтэж байсан гэх.

Уг хэргийг мөрдөн шалгах үеэр амь насаа алдсан зургаан настай хүү гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн байсан бөгөөд гэрээсээ гарах гэж байгаад унасан нь тогтоогдсон байна. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач хүү өглөөний 7-8 цагийн хооронд өөрийн гэрийнхээ тагтнаас унасан гэх ба их хэмжээний бэртэл авсан байсан учраас босож яваад машины доор очиж унасан байсан гэв.

Харин эмнэлгийн тусламж 11 цагт очиход хүү амьсгал хураасан байжээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэн та бага насны хүүхдээ хараа хяналтгүй ганцааранг нь гэртээ үлдээхгүй байх, цонх тагтны цоожийг тогтмол шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

source: today.mn

Шинэ мэдээ