Японы засгийн газар хүчээр үргүй болгосон иргэдээсээ уучлал гуйж, нөхөн төлбөр

2019-03-18 19:04 429

1948-аас 1996 оны хооронд Японд үйлчилж байсан “Хүн амын генийг хамгаалах” хуулийн хохирогч болсон 16,500 хүнээс засгийн газар нь уучлал гуйж, хохирлыг нь барагдуулахаар болоод байна.

Сэтгэцийн хувьд дутуу хөгжилтэй гэж оношлогдсон олон мянган хүнийг тухайн үед хүчээр үр тогтоох боломжгүй болгож байсан юм. Өнөөдөр энэ хүмүүсээс засгийн газар албан ёсоор уучлал гуйж, хохирогч тус бүрт 3.2 сая иений ($28,700 орчим) нөхөн төлбөр олгох хуулийг эрх баригч болон сөрөг хүчний намууд батлахаар тохиролцжээ. Хуулийн төслийг ирэх сард парламентад хэлэлцүүлнэ.

Хохирогчдын эрхийг хамгаалах байгууллагынхан эрх баригчдын алхмыг хангалтгүй хэмээн шүүмжилж, хохирогчдын амссан зовлон шаналалыг ийм аргаар барагдуулах боломжгүй гэж үзэж байгаа юм. Харин хуулийг санаачлагч улс төрчид юу ч хийгээгүй байснаас бага ч гэсэн алхам хийж байгааг хүндэтгэх ёстой гэж тайлбарлаж байна.

Өнгөрсөн оноос эхлэн үр хүүхэдтэй болох эрхээ хасуулсан иргэд Японы засгийн газрыг шүүхэд өгч эхэлсэн юм.

1948-аас 1996 оны хооронд засгийн газар нийт 25,000 хүнийг үргүй болгосноос 16,500-д нь хүч хэрэглэж байжээ. Тэдгээрийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд, охид байсан юм.

Хохирогчдын хамгийн залуу нь 9-10 насны охид байсан гэдэг. Хүчээр үргүй болгосон иргэдийн ихэнх хэсэг өөрийг нь сэтгэцийн хувьд “доголдолтой” гэж оношилсныг одоо болтол хүлээн зөвшөөрдөггүй юм байна.

Шинэ мэдээ